BabyYak брэнд
Архангайн сарлагийн хөөвөр – BabyYak брэнд
Baby Yak брэнд-ийг AVSF Монгол байгууллагын дэмжлэгтэйгээр 2010 онд байгуулагдсан Архангай аймгийн “Ар Арвижин Дэлгэрэх” Хоршоо үүсгэн байгуулан хөгжүүлсэн билээ. "Сарлагийн хөөврийг дэлхийд таниулна" уриатай “Ар Арвижин Дэлгэрэх” Хоршоо нь өдгөө зургаан сумын 88 малчин өрхийн 238 гишүүнтэйгээр AVSF Монгол байгууллагын Тогтвортой ноолуур Холбооны гишүүнээр элсэж, сарлагийн хөөврөн тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
“Ар Арвижин Дэлгэрэх” Хоршоо нь малчдад сарлагийн хөөвөр самнаж бэлтгэх, ангилан ялгах сургалт зохион байгуулж, самнаж бэлтгэж, үйлдвэрээр боловсруулалт хийлгэсэн хөөврөөр Baby Yak бренд үүсгэж, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнчлэн анхан шатны боловсруулалт хийсэн Baby Yak хөөврийг гадаад зах зээлд нийлүүлж, дотоодын аялал жуучлалын компаниудтай хамтарч ажилласны үр дүнд гишүүддээ үнийн зөрүү, ногдол ашиг хуваарилж, амьжиргаанд нь дэмжлэг болж, орон нутагт ажлын байр бий болгож байна.
Сарлагийн хөөвөр нь дулааныг маш сайн хадгалдаг, агаар сайн нэвтрүүлдэг маш бөх бат бөгөөд хөнгөн чанартай материал юм. Хөөвөр нь харшил өгдөггүй, загатнуулдаггүй, мөн цахилгаанжихаас сэргийлдэг тул хуурай нөхцөлд хувцас биед наалдаж, цахилгаанждаггүй онцлогтой.