card

AVSF Монгол байгууллагын үзэл баримтлал

AVSF Монгол байгууллагын стратеги, үзэл баримтлал 

Мал аж ахуйн болон нэхмэлийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг сааруулж, байгальд ээлтэй хандлагаар таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахын тулд AVSF байгууллага малчдын хоршоод болон нэхмэлийн ЖДҮ-ийг эерэг тойрогт хөтөлж, чиглүүлэхийг зорино. Ингэхдээ бид гадаад, дотоод зах зээлд баталгаажуулалтын схемээр дамжуулан гарах боломжтой бодит туршлагуудыг малчид, үйлдвэрлэгчдэд санал болгон нэвтрүүлж байна. Тогтвортой байдлыг хэрэгжүүлэх замаар бий болгосон нэмэлт орлого, нэмүү өртгөөр байгальд ээлтэй дараа дараагийн ажил, хөрөнгө оруулалтыг төлөвлөж хэрэгжүүлэх боломжтой болсноор эерэг тойргийн зам бүрэлдэж, үр дүн гарч эхэлнэ. Энэхүү замналыг боловсронгуй болгож, нэвтрүүлэхийн тулд AVSF старегийн ач холбогдол бүхий дараах гурван удирдамж, арга замыг хэрэгжүүлж байна. Үүнд: 

Тогтвортой, баталгаажсан түүхий эдийн эх үүсвэрийн схемийг бий болгож, түгээн дэлгэрүүлэх:
AVSF болон түншүүд хамтран малчдын бүлэг, хоршоод байгуулах, бэхжүүлэх, бэлчээрийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлэх, мал маллах арга туршлагыг (малын эрүүл мэнд, тэжээллэг байдал, үржлийн ажил) сайжруулж, чанарын менежменттэй болох (мөшгигдөхүйц), зах зээлд гарч, борлуулалт, маркетинг хийх, бусад схем, боломжуудтай уялдах зэрэг үйл ажиллагааг хангахад малчдад техникийн туслалцаа, дэмжлэг  үзүүлдэг.

Нэхмэлийн ЖДҮ-дэд тогтвортой дадалд шилжих таатай орчинг бүрдүүлэх:
Монгол орны үйлдвэрлэлийн салбарын хүлэмжийн хийн ялгарал, усны ашиглалт, зарцуулалт Ази тивдээ хамгийн өндөрт тооцогддог бөгөөд (UNIDO, 2011) бохир усны менежмент, дахин ашиглалт хангалтгүй байдаг. Ноос, ноолуурын ихэнх үйлдвэрүүд байрладаг Улаанбаатар хот аль хэдийн эрчим хүчний алдагдалтай болсон бөгөөд 2021 оноос усны хомсдолд орж болзошгүй байгаа энэ нөхцөлд (АХБ, 2014) текстиль үйлдвэрлэлийн салбар хурдацтай өөрчлөгдөх шаардлагатай байна. Үүний тулд юуны түрүүнд үйлдвэрүүд эрчим хүч болон усны нөөцийг хэмнэх эдийн засгийн тооцоолол гаргаж, хэмнэлтийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчид байгаль орчин, нийгмийн хариуцлагатай сайн дадал туршлагуудыг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа хэдий ч ямар үйл ажиллагааг, хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар хангалттай сайн мэдлэг, мэдээлэлгүй байна. 

Монголын тогтвортой ноос, ноолуурыг үндэсний болон олон улсын зах зээлд сурталчлах, таниулах:
Европын B2B үйлчлүүлэгчид Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн санал, санаачлагыг ихээхэн сонирхож эхэлж  байна. Нэр хүнд, дүр төрхийн эрсдэлээ илүү үр дүнтэй удирдаж, одоогийн ханган нийлүүлэгчдээс хараат байдлаа багасгаж, түүхий эдийн эх үүсвэр, бэлтгэн нийлүүлэлтийн үе шатуудыг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтэд мэдрэмжтэй аргад шилжүүлж, эсвэл түүхий эдийн байгалийн гарал үүслээр ялгарч чадах нөхцөлөөр Европын тансаг зэрэглэлийн бренд, компаниуд Монголын тогтвортой ноолуурыг улам ихээр сонирхож, захиалах хүсэлтэй байна. Түүнчлэн Европ хэрэглэгчдийн тогтвортой бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол улам бүр нэмэгдэж, нийт хүн амын 26 хувь нь байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг сонгож, амьдрал ахуйдаа дадал болгон, бодитоор хэрэглэж байна. Иймд бид энэ чиг хандлагыг боломж гэж үзэн түнш байгууллагуудтайгаа хамтран Монголын тогтвортой ноолуурын бүтээгдэхүүнийг Монгол болон Европын зах зээлд таниулах чиглэлд ажиллаж байна. 

Таны мэдлэгт