Төслийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

A- A A+
Төслийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

Тогтвортой ноолуур үйлдвэрлэлд малчдын оролцоо 

AVSF Монгол байгууллагаас Дэлхийн байгаль орчны төлөө Францын сан болон Европын Холбооны санхүүжилтээр Баянхонгор аймгийн долоон суманд хэрэгжүүлж байгаа “Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц системийг бий болгох нь” төслийн Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо.

Малчдын орлогыг төрөлжүүлж, нэмэгдүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн нөөцийг сэргээн хамгаалах олон санаачлагын нэг нь түүхий эдийг нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж, экспортлох үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, гарал үүсэл нь тодорхой түүхий эдийг зохистой аргаар бэлтгэж, гадаадын зах зээлд илүү өндөр үнэ өртгөөр нийлүүлж хөдөлмөрөө үнэлүүлэх мөн  ашгийн тодорхой хувийг бэлчээр хамгааллын ажилд зарцуулж, улс орны хүчин чармайлтад нэмэр болох тухай ойлголт юм.

AVSF Монгол байгууллагаас Дэлхийн байгаль орчны төлөө Францын сан болон Европын Холбооны санхүүжилтээр Баянхонгор аймгийн долоон суманд хэрэгжүүлж байгаа “Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц системийг бий болгох нь” төсөл ийм загварыг ноолуур бэлтгэл дээр туршиж, нийт 25 шалгуур бүхий Тогтвортой ноолуур Гэрчилгээжүүлэлтээр үр дүнг баталгаажуулж байна.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд төслийн дэмжлэгтэйгээр 4500 орчим малчин өрх Бэлчээр ашиглалтын хэсэг болж нэгдсэн бол 440 нь Тогтвортой ноолуур гэрчилгээтэй. Эдгээр өрх бүгд хоршооны зохион байгуулалтад нэгдсэн буюу Тогтвортой ноолуур холбоонд гишүүнээр элссэн. Тэд ноолуураа тогтсон аргачлалын дагуу орон нутагтаа бэлтгэж, дотоодын үйлдвэрт анхан шатны боловсруулалтад оруулсны дараагаар Монголын тогтвортой ноолуур хэмээн хаяглаж Европ захиалагчдад хүргэхээр онгоцонд тээвэрлэдэг. Тэд мөн түүхий эдээ бүтээгдэхүүнээ гадаадад борлуулдаг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлнэ. Ингэж Хоршоод өнгөрсөн зургаа гаруй жилийн хугацаанд 50 гаруй тонн түүхий ноолуурыг боловсруулж, Европын 10 гаруй  брэнд, худалдан авагч нарт нийлүүлжээ.  

Удирдах зөвлөлийн хурал дээр төсөл хэрэгжүүлэгчид үр дүнгээ танилцуулж, сүүлийн зургаан жилийн хугацаанд хоршоодын жилийн эргэлт 42 саяас тав дахин нэмэгдсэн мөн малчдын амьжиргаа тогтвортой хэвийн байгаа тухай мэдээлэв. Түүнчлэн 2021 онд тогтвортой ноолуурын нэмүү өртгийг хөгжүүлэх энэхүү загварыг  Архангай, Хэнтий аймгийн зарим сумдад түгээн дэлгэрүүлж, гадаад худалдан авагчидтай холбох ажлыг эхлүүлжээ. Ирэх 2022-2024 онд төслийн баг Тогтвортой ноолуур Гэрчилгээжүүлэлтийг үндэсний хэмжээнд өргөжүүлж, Тогтвортой ноолуур холбоо болон гишүүн хоршоодыг бэхжүүлэх ажлуудыг цогц хэлбэрээр хэрэгжүүлнэ.     

Дотоодын төдийгүй Европ орны захиалагчдын итгэлийг зурган жилийн турш алдалгүй Монгол ноолуурын үнэ цэнэ, унаган байгаль, нүүдэлчин соёлын агуулгыг таниулан сурталчилна гэдэг бол маш их хөдөлмөр шаардахаас гадна малчдын дунд хамтран ажиллах дадал, нэгдмэл зорилго тогтсоны илрэл. Цаашид төслийн хүрээнд тогтвортой ноолуур бэлтгэж, гэрчилгээжүүлэлтийн шалгууруудыг хангах чадвар бүхий хоршоодын тоог нэмэгдүүлэхийн хирээр байгаль хамгааллын ажлуудыг эрчимжүүлж, Тогтвортой ноолуур холбооны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг төлөвлөжээ.