Архангай аймгийн эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаа

A- A A+
Архангай аймгийн эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаа

ИМПАКТ төслийн хүрээнд сумдын эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаа

Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэцэрлэг, Жаргалант сумын Хоршоодын малчин, ногоочин эмэгтэйчүүдийн оролцоо, нийгмийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор сумдын “Сайн дурын бүлэг”-ээс төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулав. Сургалт, арга хэмжээг эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Архангай, Хэнтий аймагт Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа ИМПАКТ төслийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн сангаас санаачлан хэрэгжүүлжээ.  

Жишээ нь Жаргалант сумын Баянцагаан, Эрдэнэ-Уул багийн малчин өрхийг хамарсан  "Өрнөн дэлгэрэх Элгэд" хоршооны малчин эмэгтэйчүүдтэй хэлэлцүүлэг хийж, хоёр эмэгтэйг Улаанбаатар хотод эсгийн бүтээгдэхүүн урлах сургалтанд хамрууллаа. Ихэнх цагаа гэр ахуйн ажилдаа зарцуулж байдаг малчин эмэгтэйчүүд таван өдрийн турш сонирхол нэгт бүсгүйчүүдийн хамт ийнхүү нийгмийн харилцаагаа идэвхжүүлж, номын дуу сонсоод ирлээ. Одоо тэд эсгий, ноосон бүтээгдэхүүнээр өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна бусдад зааж сургаж, худалдан борлуулж, улмаар томоохон бизнес болгон өргөжүүлэх бололцоотой болов.  

Харин Цэцэрлэг сумын Хонгорж багийн “Шинэ зууны Хонгорж” хоршооны малчин эмэгтэйчүүдийн дунд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 19 эмэгтэйг “Архангай түншлэл 2021” үзэсгэлэнд оролцоход нь дэмжлэг үзүүлсэн. Бүсгүйчүүд монгол дээл, жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг төрлөөр бараа бүтээгдэхүүнээ дэлгэн туршлага солилцож, таван оролцогч шилдэг бүтээгдэхүүний өргөмжлөл, мөнгөн урамшууллаар шагнуулав. Сумын хэмжээнд малчин эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийг сурталчлах арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагүй тул энэхүү төслөөр биднийг онцолж, үнэлж, урам өгөх арга хэмжээ зохион байгуулж байгаад баярлаж байгаагаа үйлдвэрлэгч эмэгтэйчүүд хэлж байв. Тэдний хувьд энэхүү арга хэмжээ нь нийгэмд харилцах, итгэл төрүүлэх, оролцоог нэмэгдүүлж, туршлага болох зэрэг олон талын ач холбогдолтой ажил боллоо.  

Харин Эрдэнэбулган суманд зохион байгуулсан “Ногоочин эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр оролцогч бүсгүйчүүд хүнсний ногоогоо борлуулах зориулалтын цэг байдаггүй, мөн “ченжүүд” хэт хямд үнээр авдаг нь тэдний ажлыг үнэгүйдүүлдэг зэрэг асуудал тулгамдаж байдаг гэдгийг санал нэгтэйгээр онцлон хэлж байв. Иймд эмэгтэйчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлж, мөн хоршооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн үеэр дэлгэсэн 30 лангууны түрээсийн төлбөрийг төслөөс хариуцаж, орлогоо нэмэгдүүлэх боломж олгосон юм.

Ийнхүү сумдын эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлж, дуу хоолой, байр сууриа илэрхийлэхэд нь дэмжлэг болох зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн жижиг төслүүд амжилттай болж өрнөлөө.