Монгол Улс ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглалтай боллоо

A- A A+
Монгол Улс ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглалтай боллоо

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нэхмэлийн салбарын Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг (STEPECOLAB)” төслөөс санаачлан “Монгол улсын Ноолуурын Салбарын Тогтвортой Хөгжлийн Замын Зураг 2030” баримт бичгийг холбогдох яам, агентлаг, мэргэжлийн холбоод экспертүүдтэй хамтран боловсруулаад байна.

Ингэснээр төрөөс гаргасан бодлого, хөтөлбөр, олон улсаас үзүүлж буй тусламж дэмжлэг, хэрэглэгчдийн шаардлага, эрэлт хүсэлтийг харилцан зохистой байдлаар уялдуулж төлөвлөх, оролцогч талууд нэгдсэн алсын хараагаа тодорхойлж, түүнд хүрэх замыг тодорхой болголоо. 

Түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд үйлдвэрлэлийн бүх шатанд тогтвортой хэрэглээг эрхэмлэн байгальд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн гаргах уг замын зураглалыг танилцуулах үйл ажиллагаа /2022.06.28/ “Блью Скай” зочид буудалд боллоо.

 

Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Ноос, ноолуурын салбар нь 10,0 мянга гаруй ажиллагсадтай 400 сая ам долларын борлуулалттай улс эх орны хөгжилд уул уурхайн салбарын дараа ордог. “Монгол улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг 2030” нь хөнгөн үйлдвэрийн салбартаа “тогтвортой хөгжлийн” анхны бичиг баримт болж байгааг онцлон тэмдэглэе. Энэхүү замын зураглалд Монголын ноос, ноолуурын салбар 2030 он хүртэл байгальд ээлтэй, тогтвортойгоор хөгжих хэтийн зорилго, алсын хараа, дунд ба ойрын хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлсноороо онцгой ач холбогдолтой юм. Замын зураглалыг боловсруулахад олон улсын төсөл хөтөлбөрүүд, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл идэвхитэй оролцсон бөгөөд замын зураглалд дурьдсан үйл ажиллагааг цаашид салбарт нэвтрүүлэхэд ноос, ноолуурын холбоо нь манлайлагч санаачлагч байх нь эргэлзээгүй” гэж онцоллоо.

 

Европын холбооноос Монгол Улсад сууж буй Элчин сайд Аксель Никэйз хэлэхдээ, “Европын холбоо нь Монгол улстай дипломат харилцаа тогтоогоод 33 жил, төлөөлөгчийн газрыг нээгээд 3 жил болж байна. 2018 оноос Монгол улсын даван туулах чадварыг сайжруулах, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанууд  хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх буюу Монгол Улсад  нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээг бий болгоход хувь нэмрээ оруулж, Монголын ноос ноолуурын холбоо болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран STEPECOLAB төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Монголын ноолуур  маш өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн. Монгол ноолуур зөвхөн малчдын амьжиргаа төдийгүй Монгол Улсын эдийн засаг, нэмүү өртгийн сүлжээнд чухал ач холбогдолтой. Нөгөө талаар ноолуурын үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчинд нөлөө үзүүлдэг онцлогтой. Тиймээс бид тогтвортой ноолуурын үйлдвэрлэлд анхаарал хандуулсан. Хэрвээ бид энэ чиглэлд анхаарал хандуулахгүй бол  байгалийн нөөцийн доройтол, бэлчээрийн талхагдал гэсэн асуудлууд үүсэх эрсдэлтэй. Тиймээс “Монгол Улсын Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглал-2030” бичиг  баримтыг гаргасан нь хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал түлхэц болно. Монгол улсын хувьд GSP+ системд хамрагдаж, Европын холбоо руу тарифгүйгээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой.

2021 оны 2 дугаар сард Европын холбооны гишүүн улсууд Монгол улстай газар зүйн заалтын талаарх хэлэлцээрийг явуулсан. Энэ нь нийгэм, хүрээлэн буй орчин, газар зүйн хувьд чухал холбогдолтой үзүүлэлт юм. Одоогоор Увс аймгийн чацаргана газар зүйн заалттай болсон, Цаашдаа газар зүйн заалттай бүтээгдэхүүний тоо  нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын нэхмэлийн үйлдвэрлэлийн нэг бүрэлдэхүүн хэсэг болсон ноолуур нь газар зүйн заалттай болсон тохиолдолд Европын холбооны зах зээлд гаргах боломж бүрэн нээгдэж, бүтээгдэхүүний үнэ цэнэ өсч, борлуулалт нэмэгдэж, ашиг орлого арвижна. Энэ төсөл маань бидний цаашдын үйл ажиллагааны үндэс суурь болно гэж итгэж байна” гэж онцолсон юм.

ХХААХҮЯ-ны дэд сайд Г.Батсуурь хэлэхдээ “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан дэлхийн хэрэглэгчид “байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл-хэрэглээг” эрхэмлэж буй өнөө үед Монголын ноос, ноолуурын салбарыг тэргүүн чиглэл болгох зорилгын нэг алхам хэрэгжиж эхэллээ. Европын холбооны санхүүжилттэй  “Тогтвортой Текстилийн Үйлдвэрлэл ба Эко тэмдэг” төслийн хүрээнд “Монгол улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг 2030” баримт бичиг боловсруулан гаргалаа. Энэхүү замын зураглал нь Монголын ноос, ноолуурын салбар 2030 он хүртэл салбарын оролцогч бүр хаана, хэзээ, хэрхэн хувь нэмрээ оруулбал уялдаа холбоо илүү сайтай байх вэ гэдгийг тодорхойлсон. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж, ахуй, мал аж ахуйн чиглэлд баримталж буй бодлого, стратегид нийцсэн үйл ажиллагаа, малчид, үйлдвэрлэгч нар, эрдэм шинжилгээний болон төрийн байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоод, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааны түлхүүр баримт бичиг болж байна” гэдгийг онцоллоо.

 

Монголын ноос ноолуурын холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг,

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид маань байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнийг худалдаж авах чиг хандлагатай байна.

Тиймээс Монгол ноолуур дээд зэргийн чанартай, байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл явуулдаг юм байна гэдэг гол шалгуур үзүүлэлтийг гаргаснаар бид дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой.

Монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн 30 оронд экспортолж байна. Ингэснээр нэг их наяд 200 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн.

 

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Энх-Амгалан, Аливаа үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлт, хэрэглэгчдийн чиг хандлага нь байгальд орчинд хор хөнөөлгүй, хүний биед эрүүл, аюулгүй, гарал үүслийн мөшгих тогтолцоо нь тодорхой, ухаалаг үйлдвэрлэлтэй байхыг шаардаж буй.

Энэ нөхцөлд манай улс Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглалтай болж байгаа нь Монгол Улс ноолуурын үйлдвэрлэлээ дэлхийн зах зээлд гаргах стратегиа шинэчилж байна гэсэн үг. Үүний өмнө манай улс олон улсын зах зээлд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчээр танигдаж байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүнээр ондооших шинж чанарыг баталгаажуулж байна.

 

П.Нарандэлгэр