Монголын ноос, ноолуурын салбарын хөгжлийг “Premiere Vision Paris” үзэсгэлэнд танилцууллаа

A- A A+
Монголын ноос, ноолуурын салбарын хөгжлийг “Premiere Vision Paris” үзэсгэлэнд танилцууллаа

Хувцас загварын чиг хандагыг тодорхойлогчдод зориулсан дэлхийн хэмжээний арга хэмжээ болох “Premiere Vision Paris” үзэсгэлэнд Монголын ноос, ноолуурын  салбарын төлөөлөл оролцож, тогтвортой үйлдвэрлэлийн өнөөгийн явц, цаашдын хөгжлөө танилцууллаа. Энэхүү үзэсгэлэнд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй AVSF Mongolia ОУБ-ын STEPECOLAB төслийн багийн гишүүд У.Сарангоо, Б.Дөлгөөн нар ахлан оролцлоо.

Тус үзэсгэлэнд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Дондогдорж, МННХ-ны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Баталгаажуулалтын албаны дарга Б.Батцэцэг, МБАНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ц.Энх-Амгалан, МХААХҮХ-ны Захирал Ц.Алтантуяа нар оролцов. Мөн ноолуурын салбартаа тогтвортой үйлдвэрлэлээр тэргүүлэх Говь Корпораци, Кашмир Холдинг, Сноу Филдс, Ханбогд Кашмир, Нанс Кашмир, Мөнхбумууд, Говь-Эрдэнэ Кашмир, Гурван Сор, Өгөөж Шим, Гоёл Кашмир гэсэн 10 компанийн төлөөлөл оролцож, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын томоохон бренд, худалдан авагчдад сурталчлан таниулах ажлыг хийцгээлээ.

Үндэсний стандартуудаа танилцуулж, тогтвортой үйлдвэрлэлийн амжилтуудаа сурталчилав

Долдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Парисын Норд Вильпинт болсон тус үзэсгэлэнд Монголын Ноос, Ноолуурын Холбооны нэрийн дор нэгдэн оролцсон нь хамгийн ачаалалтай цэгүүдийн нэг болгосон юм. Учир нь Монголын ноос, ноолуурын салбарынхан тогтвортой үйлдвэрлэлийг малчны хотноос хэрэглэгчийн гар дээр хүртэл хэрхэн өрнүүлж, үр дүнд хүрч буй амжилт ололт, хүчин чармайлтаа онцлон танилуулсан. Ингэхдээ Монголын ноос, ноолуурын онцлог давуу тал, түүхий эдийн бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын шинэлэг шийдэл, дэлхийн стандартад нийцүүлэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа ололт амжилтуудаа илүүтэй харуулсан.

Монголын үзэсгэлэнгийн талбайг сонирхон ирсэн зочид MNS 6891:2020 “Хариуцлагатай Нүүдэлчин”, MNS6926:2021 “Тогтвортой текстилийн үйлдвэрлэлийн удирдамж”’ үндэсний стандартууд, /RMTS/ малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцооны демо үзүүлэн зэргийг ихэд сонирхож, анхаарал тавьж байлаа. Үзэсгэлэнгийн өдрүүдэд 400 орчим зочин хүлээн авсан ба маш олон байгууллага, хувь хүмүүс сонирхож, цаашид дээрх үйлдвэрүүдтэй харилцан хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Франц болон Европын холбооны орнуудад сурталчилан таниулах ажлын цар хүрээг тэлнэ

Энэ өдрүүдэд Монгол улсаас бүгд найрамдах Франц улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай У.Нямхүү, Эдийн засгийн атташе ноён Т.Баяржаргал, AVSF-ийн Монгол дахь төлөөлөгч асан ноён Гийом Туати зэрэг хүндтэй зочид зочилсон. Түүнчлэн Франц болон Европын холбооны орнуудад Монголын ноос, ноолуурыг сурталчилан таниулах ажлын цар хүрээг тэлэх, хамтран ажиллах асуудлаар Франц улсад суугаа Элчин сайдын яамныхан хүлээн авч уулзаж ярилцсан юм. Үзэсгэлэнд оролцогч үйлдвэрүүдийн төлөөлөл өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ноос, ноолуурын салбар дахь тогтвортой байдал, ул мөр, эко гэрчилгээ олгох чиглэлээр зохиогдсон семинар, яриа хэлэлцээрүүдэд оролцож, дараагийн боломжит үзэсгэлэн болон 2023-2024 оны утас, даавуу, өнгөний чиг хандлагыг судалж, Tex World үзэсгэлэнгээр зочилсон билээ.

Итали-Монгол хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ түвшинд гаргах чухал уулзалтууд болов

Мөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, Монгол-Италийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй ХХААХҮЯ, МННХ, Тогтвортой Санхүүгийн Холбоо болон Монголын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэгчдийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүн Итали улсад айлчилсан юм. Тэд энэ үеэр БНИУ-ын хууль тогтоох дээд байгууллагын нэг болох Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дэд дарга, эрхэмсэг ноён Этторэ Розато болон бусад төлөөлөгчдөд бараалхав. Италийн ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн ACIMIT холбоо, түүний гишүүн байгууллагууд ба зээлийн батлан даалт, санхүүгийн SACE групп, European Brokers Assicurazioni Srl компани ба Хадгаламж, зээлийн сан хэмээх группын SIMEST зэрэг төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд, итали сүлжмэл, нэхмэлийн аж үйлдвэрийн шилдэг брэнд болох Loro Piana SpA групп, Falconeri Srl компанийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт амжилттай зохион байгуулж, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

Итали улсын Гадаад Хэрэг, Хамтын Ажиллагааны Яамны харьяа SACE группээс албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн EBA Санхүүгийн компанийн зүгээс Монгол улсын ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад санхүүжилтийн оновчтой шийдлийг тодорхойлон, хамтран ажиллах зорилгоор Монголын Ноос, Ноолуурын Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. Төлөөлөгчид Итали улсын текстилийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн тэргүүлэх брэнд болох Autefa - Octir болон Bigagli зэрэг компаниудын удирдлагатай албан уулзалт хийсэн ба Монголын ноос, ноолуурын салбарын компани, аж ахуй нэгжүүдэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхэд хамтран ажиллахаар болсон.

Энэ хүрээнд SACE, SIMEST, EBA зэрэг Итали улсын санхүүгийн батлан даалтын групп, компаниудын зүгээс 3-5 жилийн хугацаатай нэжгээд худалдан авалт тус бүрт 5 хүртэлх сая евроны үнийн дүн бүхий зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг хэлэлцсэн. Дээрх асуудлаар хэлэлцээд харилцан тохиролцоонд хүрч чадсан нь айлчлалын хүрээнд хийгдсэн ажлын хамгийн чухал үр дүн бөгөөд хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болсон юм.

Европын холбооны улс орнуудад зах зээлээ тэлэх боломжийг нээж, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргалаа

Монголын ноос ноолуурын салбарын төлөөллүүд энэхүү үзэсгэлэнд нэгдэн, нэг баг болж оролцсон нь гадаадын бусад өрсөлдөгчөөс өөр гэдгээ сурталчилан таниулсан төдийгүй, Европын холбооны улс орнуудад зах зээлээ тэлэх боломжийг нээж, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад хувь нэмрээ орууллаа. Өмнө нь олон улсын томоохон үзэсгэлэнд оролцогч компаниуд зөвхөн өөрсдийн брэнд болон бүтээгдэхүүнээ сурталчилан ордог байсан бол энэ удаад Монгол гэдэг тусгаар тогтносон улс гэдгээ тодотгож, дээж бүтээгдэхүүний QR кодыг уншуулахад түүхий эдийг нийлүүлсэн малчдын нэр, зураг, байгаль орчин, бэлчээр, малын тавлаг байдал хамгаалах үйлст хийсэн ажлын дүгнэлт тодорч, газрын зураг дээр зааж харуулсан нь шинэлэг байж чадсан. Байгальд ээлтэй, хаягдалгүй гэдгийг харуулж, үзэсгэлэнд дэлгэгдсэн сав баглааг хаягдал утсаар, танилцуулга хуудсыг эко цаасаар хийж, боолт утаснуудыг хялгас, ноос, ноолуурын ширхэгтийн хогийг ашигласан. Мөн үзэсгэлэнг сонирхож ирсэн зочдод үйлдвэрийн хаягдал ноолуураар хийсэн ууттай шагай бэлэглэж, Монголын гэдэг үндэсний агууламжаа онцоллоо. Хойшид олон улсын арга хэмжээнд оролцохдоо Монгол Улсынхаа туг, далбааг байршуулж тусгаар тогтносон улс гэдгээ оролцогч байгууллагууд санаж, үндэсний онцлогоо тодруулах нь үнэхээр чухал юм байна гэдэг дүгнэлтэд төлөөлөгчид санал нэгдсэн юм. Хамгийн гол нь Монгол улсын эдийн засгийн хоёр дахь том хөдөлгөгч хүч болсон ноолуурын салбар бол “Тогтвортой үйлдвэрлэл эрхэлдэг, гарал үүслийг мөшгөх боломжтой, эрүүл мал, бэлчээрээс гарсан түүхий эдийг 40 жилийн технологийн туршлагаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг улс" гэсэн гол мессэжийг Европын зах зээлд өгч чадлаа хэмээн оролцогчид дүгнэж байна.

П.Нарандэлгэр