“Priеmer Vision” үзэсгэлэнгийн үеэр харилцаа холбоо тогтоосон 70 гаруй байгууллагын мэдээллийг хүлээлгэн өгөв

A- A A+
“Priеmer Vision” үзэсгэлэнгийн үеэр харилцаа холбоо тогтоосон 70 гаруй байгууллагын мэдээллийг хүлээлгэн өгөв

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Францын нийслэл Парис хотноо 2022 оны 7 сарын 5-7-ны өдрүүдэд зохиогдсон “Priеmer Vision” олон улсын үзэсгэлэнд Монголын оролцогчид амжилттай оролцоод ирсэн билээ. Үзэсгэлэнгийн өдрүүдэд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын томоохон бренд, худалдан авагчдад үндэсний стандартуудаа танилцуулж, тогтвортой үйлдвэрлэлийн амжилтуудаа сурталчилсан юм.

Ингэхдээ Монголын ноос, ноолуурын салбарынхан тогтвортой үйлдвэрлэлийг малчны хотноос хэрэглэгчийн гар дээр хүртэл хэрхэн өрнүүлж, үр дүнд хүрч буй амжилт ололт, хүчин чармайлтаа онцлон танилуулсан. Мөн Монголын ноос, ноолуурын онцлог давуу тал, түүхий эдийн бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын шинэлэг шийдэл, дэлхийн стандартад нийцүүлэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа ололт амжилтуудаа илүүтэй харуулсан билээ.

AVSF Mongolia ОУБ-ын STEPECOLAB төслийн багийнхан /2022.08.24/ тус үзэсгэлэнгийн үеэр Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний талаарх танилцуулгыг сонирхон хамтран ажиллах саналаа илэрхийлсэн 70 гаруй томоохон брэндүүд болон бусад харилцагчдын талаарх багц мэдээллийг Монголын ноос ноолуурын холбоонд хүлээлгэн өглөө. Мөн Парис хотноо зохиогдсон үзэсгэлэн зориулан бэлтгэсэн цаасан танилцуулга болон видео бичлэг зэргийг хүлээлгэн өглөө. Уг багц мэдээллийг ашиглан Монголын компаниуд гадаадын харилцагчидтай хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломж нээгдээд байна. Түүнчлэн Парис болон бусад хотод зохиогдох томоохон үзэсгэлэнд Монголын ноос ноолуурын салбарынхан оролцоход чухал шаардлагатай мэдээллүүд багтсан гэдгийг AVSF Mongolia ОУБ-ын STEPECOLAB төслийн багийнхан онцоллоо.

 Сонирхуулахад, 1973 онд анх зохион байгуулагдсан тус үзэсгэлэн нь дэлхийн нэхмэлийн салбарын хөгжил, загварын чиг хандлагыг тодорхойлдог томоохон  арга хэмжээ бөгөөд 120 гаруй орны 120,000 гаруй салбарын мэргэжилтнүүдийг цуглуулж, санаа бодлоо хуваалцаж, шинэ коллекц бий болгох, урам зориг өгдөг бизнесийн төв юм. Оролцогчид утас, даавуу, нэхмэл эдлэл, хувцас, арьс шир, загвар дизайн, дагалдах хэрэгсэл, үйлдвэрлэлийн хөгжил дэвшил зэрэг дэлхийн загварын салбарт материал, үйлчилгээгээ танилцуулж, худалдан авагч, нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг Загварын нийслэлд цуглуулдагаараа алдаршжээ.

Тиймээс тус үзэсгэлэн худалдаанд оролцогчид өөрийн зорилгодоо хүрэхийн тулд зохион бүтээсэн гайхалтай бүхнээ дэлгэн харуулсаар ирсэн аж. Манай оролцогчдын хувьд Монголын ноос ноолуурын холбооны нэрийн дор нэгдэн, аль нэг компани болон брэндийг онцлолгүй Монгол гэдэг тусгаар улс нь түүхий эд нийлүүлэгч бус бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээ тодотгохыг зорьсон юм.

Монголын ноос, ноолуурын  салбарын тогтвортой үйлдвэрлэлийн өнөөгийн явц, цаашдын хөгжлийг танилцуулсан тус арга хэмжээнд AVSF Mongolia ОУБ-ын STEPECOLAB төслийн багийн гишүүд болох У.Сарангоо, Б.Дөлгөөн, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Дондогдорж, МННХ-ны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Баталгаажуулалтын албаны дарга Б.Батцэцэг, МБАНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ц.Энх-Амгалан, МХААХҮХ-ны Захирал Ц.Алтантуяа нар оролцов. Мөн ноолуурын салбартаа тогтвортой үйлдвэрлэлээр тэргүүлэх Говь Корпораци, Кашмир Холдинг, Сноу Филдс, Ханбогд Кашмир, Нанс Кашмир, Мөнхбумууд, Говь-Эрдэнэ Кашмир, Гурван Сор, Өгөөж Шим, Гоёл Кашмир гэсэн 10 компанийн төлөөлөл оролцсон билээ.

П.Нарандэлгэр