Бэлчээрийн үндэсний V дугаар форум Ихтамир суманд болж байна

A- A A+
Бэлчээрийн үндэсний V дугаар форум Ихтамир суманд болж байна

Монгол орны мал аж ахуйн салбарын суурь үндэс болсон бэлчээрийн асуудалд анхаарал хандуулдаг Бэлчээрийн үндэсний V дугаар форум Архангай аймгийн Ихтамир суманд /2022.09.15-16/ зохиогдож байна. Тус форум “Хариуцлагатай нүүдэлчид: МАА-н өртгийн сүлжээний тогтвортой байдал, өрсөлдөх чадвараар дэлхийн зах зээлд хүрэх боломжийг нээх нь” сэдвийн дор өрнөж байгаа юм. Энэ удаагийн Бэлчээрийн форумыг ХХААХҮЯ, БОАЖЯ, Switch Asia хөтөлбөр, Step Ecolab төсөл, AVSF хил хязгааргүй малын эмч нар ба аграномчид ТББ, Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн ЗДТГ, Ихтамир сумын ЗДТГ, Textile Exchange ХХК хамтран зохион байгуулж байна. Мөн Ensure төсөл, Сүхбаатар аймгийн Хийморь ХХК, Меатраск ХХК, ZCL ХХК, WWF төсөл, Хуурай хээрийн төсөл, 18 аймаг, сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо болон малчдын төлөөлөл оролцож байна.

Энэ удаагийн форумд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Саранчимэг оролцлоо. Тэрбээр форумыг нээж хэлэхдээ “Монгол улсын хөдөө, аж ахуйн салбарын хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан явдаг энэ салбарын эрдэмтэн судлаачид, төрийн бус болон мэргэжлийн байгууллагын хамт олондоо энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлж байна. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд мал аж ахуйн салбар нэн чухал ач холбогдолтой. Тиймээс бэлчээр, түүний нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах нь мал аж ахуйн салбарын одоо тогтвортой хөгжлийн үндэс юм. Бэлчээрийг хамгаалж, зөв зохистой ашиглалтыг нэвтрүүлэх замаар бэлчээрээ сайжруулах, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зүгээс олон ажил санаачлан хэрэгжүүлж ирсэн. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах монгол малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээрх үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн үнэхээр таатай байна.

Мөн бэлчээрт ээлтэй, үр ашиг өгөөж өндөртэй мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох чиглэсэн олон үлгэр жишээ төсөл хөтөлбөрүүдийг дурдахгүй байхын аргагүй ээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо бол хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого, газрын сангийн нэгдсэн бодлого, улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар, газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургац, агаар мандал болон баялгийн асуудлыг хариуцсан мэргэжлийн чиг үүрэгтэй байнгын хороо юм. Тэгэхээр байгаль орчны хяналт, байгаль орныг хамгаалах хүрээнд байгалийн тэнцлийг хангах, байгалийн баялаг ашиглалт, байгаль орчны хяналтын асуудал манай байнгын хорооны үндсэн чиг үүрэг.

Монгол орны газар нутгийн 76.6 хувь нь өнөөдөр цөлжилтөд ямар нэгэн хэмжээгээр өртсөн байна. Тэр дундаа говийн бүсийн аймгууд илүү цөлжилтөд өртөж байгаа. Тиймээс дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, түүнийг дагаад бэлчээрийн хомсдол жил ирэх тусам нэмэгдэж, байгалийн аюулт үзэгдлүүд бид бүхэнд нөлөөлж, өнөөдөр нүүдлийн мал аж ахуйг энэ хэвээр үргэлжлүүлдэг хүндрэл бэрхшээлтэй болсоор байна.

Иймд манай байнгын хорооны зүгээс малчдаа дэмжих, нүүдлийн мал аж ахуйд суурилсан өртгийн сүлжээ буюу эцсийн бүтээгдэхүүн бий болгох замаар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын амжиргааг сайжруулах тал дээр дээр илүү анхаарна. Та бүхний санал санаачилга, үндэсний форумаас гарах зөвлөмж нь цаашид зүйн орчныг сайжруулах,  бодлого боловсруулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Юуны түрүүнд бид малынхаа удмын санг сайжруулах, сүүний, махны, ноос ноолуурын гэсэн үндсэн гурван чиглэлээр гарц, үр шим өндөртэй мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна. Малын үр шим  сайжирснаар малчдын мөнгөн орлого бодитоор нэмэгдэж, амьдрал ахуй нь сайжирч, үүнийгээ дагаад бэлчээр сайжирна” хэмээн онцоллоо.

Форумын үеэр “Бэлчээрийн төлөв байдлын үндэсний мониторинг үнэлгээний сүлжээний хөгжил, хэрэглээ”, “Монгол сарлагийн хөөврийг Европын зах зээлд нийлүүлсэн туршлага, сургамж, ирээдүйн боломж” зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа. Мөн “Бэлчээрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин, түүнийг сайжруулах хэрэгцээ”, “Орон нутаг дахь бэлчээрийн харилцааг зохицуулах журмын нөлөөг баталгаажуулах хуулийн заалтын хэрэгцээ”, “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт, сайжруулах хэрэгцээ”, “Малын тоо толгойн албан татварын хуримтлал, зарцуулалтын байдал”, “Малын тоо толгойн албан татвар: бэлчээр ашиглалтын ачааллыг тохируулах хэрэгсэл болох нь”, ”Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэх нь”, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын шаардлага, шалгуур үзүүлэлтүүд”, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартаар бэлтгэж баталгаажсан бүтээгдхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх боломжоос” зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогчид санал хүсэлтээ илэрхийллээ. Төгсгөлд нь Малчдын дунд “Бэлчээрийн ургамал таних” тэмцээнийг зохион байгуулснаар эхнийй өдрийн форум өндөрлөсөн юм.

П.Нарандэлгэр