“Хариуцлагатай Нүүдэлчин” стандартыг гэрчилгээжүүлэх журмын талаар хэлэлцэв

A- A A+
“Хариуцлагатай Нүүдэлчин” стандартыг гэрчилгээжүүлэх журмын талаар хэлэлцэв

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны дэргэдэх бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба нь “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлага” MNS 6891:2020 стандартыг үйл ажиллагаандаа дадал болгон нэвтрүүлж буй сум, баг, малчдын хэсэг, бүлгийн үйл ажиллагаа, үйлчилгээнд  тохирлын үнэлгээ  хийж, бүтээгдэхүүний тогтолцоонд баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.    

Энэ хүрээнд AVSF, МБАНХ хамтран бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны баталгаажуулалтын зөвлөлийн  уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад AVSF, МБАНХ, Мал эмнэлгүүдийн холбоо, Монголын Зоо инженерүүдийн холбоо, Ноос ноолуурын холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо зэрэг үндэсний стандартыг баталгаажуулахад оролцогч талуудын төлөөлөл оролцов.

Оролцогчид энэ үеэр MNS6891:2020 үндэсний стандартын хүрээнд үнэлгээ, баталгаажуулалт хийх, гэрчилгээ олгох асуудал болон баталгаажуулалтын зөвлөлийн  засаглал, үйл ажиллагааны чиглэл болон зөвлөлийн журамд нэмэлт өөрчөлт оруулах, зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, дарга нарийн бичгийг шинээр сонгох асуудлаар санал солилцлоо.

Үндэсний хэмжээнд ашиглах энэхүү стандартаар гэрчилгээжүүлснээр малын гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тул Баталгаажуулалтын зөвлөлийг олон талын оролцогчидтойгоор байгуулах нь зөв болохыг оролцогч бүх талууд онцлон дурьдлаа.

Тиймээс энэхүү Баталгаажуулалтын зөвлөлд оролцож, Хариуцлагатай Нүүдэлчин зохистой дадал MNS6891:2020 үндэсний стандартыг гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтийг холбогдох байгууллагуудад санал илгээх, 10 сарын сүүлээр дахин хамтарсан уулзалт зохион байгуулж эцсийн шийд гаргахаар боллоо.

П.Нарандэлгэр