Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүд тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх Батламж авлаа

A- A A+
Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүд тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх Батламж авлаа

Ноос, ноолуурын үйлдвэрүүд
Монголын Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрэмд нэгдэж, үүрэг хүлээлээ 

Ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогцолбор 18 үйлдвэр тогтвортой үйлдвэрлэл эрхлэхээ илэрхийлж, Монголын Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрэмд нэгдлээ. Дүрэм нь тухайн үйлдвэрлэгч байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай буюу тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлж байгааг батлах анхны баримт бичиг юм.

Дүрэм нь тэргүүлэх зэргээр нь ангилж, эрэмбэлсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх шалгууруудаас бүрдэх бөгөөд тус бүр нь тогтвортой нэмүү өртгийн сүлжээ бий болгох, нөөцийг үр ашигтай зарцуулах, ногоон санхүүжилтийн нөхцөлүүдийг хангахад чиглэсэн агуулгатай. Чанар, үнэ, органик байдал, дизайн загварын хувьд Монголын ноолуур, ноолууран бүтээгдэхүүн гадаад зах зээлд хэзээнээс үнэлэгдэж ирсэн, гэвч дэлхий дахинд бүтээгдэхүүний чанараас гадна түүний үйлдвэрлэлийн байгаль орчинд ээлтэй байдал, нийгмийн сайн сайхан болон ёс зүйн үзүүлэлтүүдэд ач холбогдол өгч байна.

Иймд манлайлагч үйлдвэрүүд үйлдвэрлэлийн арга барил, бизнесийн загвар, хандлагаа өөрчилж, үлгэр жишээ үзүүлэн, байгаль орчинд ээлтэй, ёс зүйтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, дэлхийд танигдаж чадвал
Монголын тогтвортой ноолуурын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, мөн хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ноос, ноолуурын салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой билээ.  


Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрмийг Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд Монголын ноос, ноолуурын холбоо болон Германд төвтэй Тогтвортой үйлдвэрлэл хэрэглээний хамтын ажиллагааны төвийн мэргэжилтнүүд хамтран боловсруулсан.

Монголын Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрэм
Монголын Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн Дүрэмд нэгдсэн үйлдвэрүүд