Европын Холбооны ажлын бүрэлдэхүүн ИМПАКТ төслийн ажилтай танилцав

A- A A+
Европын Холбооны ажлын бүрэлдэхүүн ИМПАКТ төслийн ажилтай танилцав

Европын Холбооны ажлын бүрэлдэхүүн ИМПАКТ төслийн ажилтай танилцав

Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Лука, төслийн менежер М. Бямбарагчаа, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төлөөлөгч нар Архангай аймагт ажиллаж AVSF Монгол байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж "Хөдөө, орон нутгийн эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" буюу Импакт төслийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Тэд аймгийн Засаг даргын орлогч В. Мөнхбаттай уулзаж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүдийг чадавхижуулах шаардлага, ач холбогдлын талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах боломжууд, ялангуяа өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар эмэгтэйчүүдийн өрхийн эдийн засагт оруулдаг хувь нэмрийг нэмэгдүүлэхэд анхаарах талаар санал солилцлоо. 

Импакт төслийн үр дүнгээс: 

Импакт төслийг Архангай аймгийн Эрдэнэбулган, Жаргалант, Цэцэрлэг, Хэнтий аймгийн Биндэр, Мөрөн, Хэрлэн сумдад тус тус хэрэгжүүлдэг бөгөөд төслийн зорилго нь орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой ноолуур, органик ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энэхүү жендерийн эрх тэгш оролцоог хангахад чигэлсэн төслийн хүрээнд дээрх сумдын эмэгтэйчүүдийг органик хүнсний ногоо тариалах, мөн түүхий эдийн мөшгих тогтолцоонд хамрагдаж, ноос, ноолуурын нэмүү өртөг бий болгож, улмаар амьжиргаагаа дэмжих, эргээд бэлчээр, байгаль орчин хамгааллын ажлууд хийх боломжийн талаар мэдээлэл, нөлөөллийн ажлууд хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ малчин, ногоочин бүсгүйчүүдэд санхүүгийн мэдлэг олгох, өрхийн санхүүгээ удирдах чадварыг нь нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулсан.

Түүнчлэн ИМПАКТ төслийн хүрээнд бэлчээрийн менежментийн сургалтууд зохион байгуулж, бэлчээр газрыг хамгаалахын зэрэгцээ өрхийн орлогоо нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах боломжуудыг таниулах сургалт, нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгууллаа. Эдгээр ажлын үр дүнд Жаргалант суманд 4 БАХ (Бэлчээр ашиглагчдын хэсэг), Цэцэрлэг суманд 6 БАХ тус тус байгуулагдсан нь өдгөө малчдын хоёр хоршоо болж өргөжин ноолуур, бэлтгэл, ангилан ялгалтын стандартын талаарх анхан шатны сургалтуудад хамрагдаж, Цэцэрлэг сумаас 100 кг түүхий ноолуур авч ноолуурын чанар, ширхэгтийн шинжилгээнд өгөөд байна.

Харин Импакт төслийн хүнсний ногооны үйлдвэрлэлийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нарны эрчмээр ажилладаг хүлэмжийг бусад төрлийн хүлэмжтэй харьцуулсан зах зээлийн судалгааг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Эрдэнэбулган суманд өвлийн 60 тонны багтаамжтай зоорь барих ажлыг орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөж, газрын асуудлыг шийдвэрлүүлжээ. Үүний зэрэгцээ Импакт төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудыг тэр дундаа ноолуур, хүнсний ногооны салбар дахь орон нутгийн санаачлагыг дэмжиж зорилгоор жижиг төслийн сонгон шалгаруулалт зарлаж, дүгнэхэд бэлэн болгоод байна.



Ийнхүү Импакт төсөл хэрэгжсэнээр Архангай аймгаас сайн чанарын баталгаатай ноолуур бэлтгэж, хариуцлагатай малчдаар дамжуулан дотоод, гадаадад үйлдвэр, брендүүдэд нийлүүлж, орон нутгийн органик хүнсний ногооны хэрэглээ, нийлүүлэлтийг хөгжүүлэх боломжууд бүрдэж, байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд бие даасан тогтвортой хөгжлийн  суурь тавигдах юм. Цар тахлын улмаас газар дээрх ажлууд хойшлогдсон хэдий ч төслийн баг ойрын хугацаанд  хоршооны бүх гишүүдийн хурал, фотомониторгийн судалгаа, хоршооны гишүүдийг чадваржуулах сургалт, хүнсний ногооны орон нутгийн сургагч багш бэлтгэх, мөн өвлийн зоорь барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд төлөвлөж байна.