Европын Холбоо STeP EcoLaB төслийн ажилтай танилцав

A- A A+
Европын Холбоо STeP EcoLaB төслийн ажилтай танилцав

Европын Холбоо STeP EcoLaB төслийн ажилтай танилцав 

Европын холбооны Ажлын бүрэлдэхүүн AVSF Монгол байгууллагаас Архангай аймагт хэрэгжүүлж байгаа STeP EcoLab буюу ноос, ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийн төслийн ажилтай танилцлаа. Уг төслийн хүрээнд малчнаас үйлдвэрийн хаалгаар гарах хүртэлх үе шат бүрт байгальд ээлтэй арга туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, улмаар Монголын ноос ноолуурын өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорино.

Ажлын бүрэлдэхүүн Аймгийн Засаг даргын орлогч В. Мөнхбаттай уулзаж, ярилцахад тэрээр дэлхийн зах зээлийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрэлэхэд түүхий эдийн чанар, гарал үүсэл, түүнийг боловсруулж байгаа арга, барил, хандлага, нийгэмдээ үзүүлж байгаа нөлөө нь байгальд ээлтэй, ил тод, хариуцлагатай байх шаардлагатай болоод байгаа энэ үед энэ гинжин хэлхээг цогцоор нь авч үзэж, Монгол гаралтай тогтвортой түүхий эд, ноос, ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөхүйц боломж, чадвар бий болгож байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Төсөл нь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран түүхий эд бэлтгэлийн сайн туршлагыг дэлгэрүүлэх, улмаар түүхий эдийн мөшгих системээр баталгаажсан, гарал үүсэл нь тодорхой түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэхэд малчдын хоршоодод техник, арга зүйн дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр үйлдвэрүүд чанарын баталгаатай, мөшгих боломжтой ноос, ноолуураар байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжтой болж байгаа тул Монголын тогтвортой ноос, ноолуурын үнэ цэнийг дэлхийн тавцанд нэмэгдүүлж, Монголын тогтвортой үйлдвэрлэгчдийг таниулах давуу талууд бүрдэж байгаа юм.

Одоогийн байдлаар мөшгих системд бүртгэлтэй малчдын хоршоод гарал үүсэл нь баталгаатай түүхий эдээ сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Баялаг Өлзий ХХК, Уужин ХХК, Сор ХХК, Говь ХК болон Монгол Нэхмэл  ХХК-д тус тус нийлүүлж байна. Ийнхүү дотоодын түүхий эд нийлүүлэлтийн сүлжээ байгальд ээлтэй тогтолцоонд хэрхэн шилжиж болох загвар бий болж байгаагаас гадна нэмүү өртгөөр түүхий эдээ нийлүүлсэн малчдын хоршоод дундын сангийн хуримтлалаа нэмэгдүүлж, бэлчээрийн фотомониторинг хийж, улмаар бэлчээр хамгаалах ажлуудаа тасралтгүй хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн Европын Холбооны ажлын бүрэлдэхүүн Их Тамир суманд ажиллахдаа сумын удирдлага, БАХ-гийн гишүүдтэй уулзаж, түүхий эдийн мөшгих системд хамрагдахын давуу тал, хамтын ажиллагааны үр шим, цаашид анхаарах асуудлыг ярилцаж, сэргээсэн бэлчээрийн талбай болон тэжээлийн ургамал тариалсан талбайг очиж үзлээ.