Байгальд ээлтэй үйлдвэрлэгч цуврал: Говь ХК

A- A A+
Байгальд ээлтэй үйлдвэрлэгч цуврал: Говь ХК

Хогийг хаях биш ангилж хаяна 

Говь ХК нь бүтээгдэхүүний чанар, загварыг ямагт чухалчлахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, үнэнч хэрэглэгчдийнхээ хүлээлт, сэтгэл ханамжид нийцүүлэхийг зорьсоор ирсэн хамт олон. Говийнхон ус, эрчим хүч, хог хаягдал, нийгмийн сайн сайхан байдал зэрэг тогтвортой үйлдвэрлэлийн шалгууруудыг үйлдвэрлэлийн шат дамжлаг бүрт нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд 2019 оноос эхлэн хог хаягдлын менежментийг 3R буюу Reduce/Refuse Reuse Recycle хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байна.

Тэд орц, гарцыг бүртгэж, хогийг эх үүсвэр дээр нь ангилан хаях дадлыг ажилчдаа төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлууд хийнэ. Хог хаягдлаа гадаа талбайн төвлөрсөн цэгт төвлөрүүлж хог хаягдал боловсруулдаг мэргэжлийн компанитай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаад гурван жил болж байна. Мөн гаднах тайлбайн цэгийн цэвэрлэгээ ариутгалыг тогтмол хийж, ажилчдын гадаа амрах цэгийг тохижуулсан байна.

Говь компани ажилтан бүрийнхээ ажлын байрны тодорхойлолтод хог хаягдлыг бууруулах, хог хаягдлаа ангилан ялгах үүргийг тусгасан байдаг бөгөөд төслийн зөвлөхийн тусламжтайгаар энгийн болон аюултай хог хаягдлын журмаа сая шинэчилжээ. Мөн энэ жилээс эхлэн Говь компани гялгар уутны хаягдлаа эргэлтэнд оруулах зорилгоор Өнгө нэм хөдөлгөөний залуустай хамтран “Зүгээр битгий хая” аянд нэгдлээ.